(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Гомбожавын Очирбат

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гомбожавын Очирбат. 1929 оны 11-р сарын 25-нд Завхан аймгийн Нөмрөг сум (одоогийн Түдэвтэй сум)-ын нутаг Ойгон нуурын хойд Бударганы “Хасгааг” хэмээх газар хошууны түшмэл С.Гомбожавын 8 дахь хүү болон төрсөн. МАН-ын зүтгэлтэн, эрдэмтэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1938-1942 онд Завхан аймгийн Нөмрөг сумын бага сургууль, 1942-1944 онд Завхан аймгийн Улиастайн дунд сургууль, 1946-1948 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийг төгссөн. 1948-1949 онд Завхан аймгийн Нөмрөг сумын дунд сургуульд багш, 1949-1952 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын дунд сургуульд хичээлийн эрхлэгч, захирлаар ажилласан. 1952 онд МУИС-ийн Монгол хэл утга зохиолын ангид элсэн орж нэг жил суралцаад МУИС-ийн сонгон шалгаруулалтаар ЗХУ-д суралцахаар болж 1953-1958 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийг хэл, утга зохиол судлаач, багш мэргэжлээр төгссөн.

1958-1960 Монгол Улсын Их Сургуулийн Орос хэл утга зохиолын тэнхимийн анхны Монгол эрхлэгч, 1960 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын хэвлэлийн хороонд орлогч эрхлэгч, ерөнхий редактор, 1961-1964 онд "Үнэн" сонины орлогч эрхлэгчээр, 1964-1969 онд МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр тус тус ажилласан. 1969-1972 онд ЗХУ-ын Москва хотноо Нийгмийн шинжлэх ухааны академид суралцаж философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. 1972-1982 онуудад Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн даргаар ажилласан. 1982-1984 онд Ардын боловсролын яамны сурах бичиг сэтгүүлүүдийн нэгдсэн редакцын газрын даргаар ажиллаж байсан. 1984-1986 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд тасгийн эрхлэгч, 1986-1988 онуудад МАХН-ын Төв Хорооны намын байгуулалтын хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байгаад 1988-1990 онд Чехословак улсын Прага хотноо “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн газарт ажилласан.

Г.Очирбат 1990 оны эхээр МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Намын төв хорооны даргаар сонгогдон ажиллаж, улс орноо ардчилал, шинэчлэлийн замд оруулахад маш чухал онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. МАХН-ын Онц Их хурал, ХХ их хурлуудыг бэлтгэж хуралдуулах, тус намын шинэ Мөрийн хөтөлбөр, дүрмийг боловсруулан, батлуулахад их хувь нэмэр оруулсан. Г.Очирбат МАХН-ын ТХ-ны болон Бага хурлын бүрэлдэхүүнд 1961 оноос 1997 он хүртэл тасралтгүй 30 гаруй жил, 1966 оноос эхлэн БНМАУ-ын АИХ-ын депутатаар 6 удаа, УИХ-ын тэргүүлэгч гишүүнээр 8 жил сонгогдон ажиллажээ. Тэрбээр 1993-1997 онд Улсын Их хурал дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарчээ. 1992 оны Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулж батлахад жинтэй хувь нэмэр оруулсан байна.

Тэрээр “Завхан аймгийн түүх” номыг 2013 онд, "Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав нарын амьдрал үйл хэргийн түүхээс" номыг 2024 онд бичиж хэвлүүлсэн байна.   

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Монгол улсын хөгжил дэвшил, нийгэм, улс төрийн шинэтгэлд түүний оруулсан онцгой хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж 2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ. Г.Очирбат Сүхбаатарын одонгоор 3 удаа, Алтан гадас одонгоор 2 удаа, Ардын хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнагдсан байна.